
ARA FEST 2025 дээр юу болж байна?
Uurtsaikh
Мэдээ
/
07-21-2025
/
1377

Энэ зун Архангай аймагт соёл, урлаг, аялал жуулчлал, адал явдал хосолсон “АРА ФЕСТ 2025” наадам гурав дахь жилдээ улам илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна. 2025 оны 6-р сарын 24-өөс 8-р сарын 3-ны хооронд үргэлжлэх тус фестиваль нь зөвхөн хөгжмийн наадам бус, Монголын үндэсний өв соёлоос эхлээд дэлхийн тайзны урлагийг хүртэл нэгтгэсэн цогц соёлын арга хэмжээ болон өргөжжээ.
Наадмын гол зорилго нь үндэсний өв соёлоо орчин үеийн урлагийн төрөлтэй хослуулан олон улсад сурталчлахын сацуу, Архангай аймгийг аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэж буй. “Бид энэ жил зөвхөн хөгжмийн наадам бус, гэр бүл, найз нөхдөөрөө ирж дурсамж бүтээх боломжтой фестиваль зохион байгуулж байна” хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл онцолсон юм.
Цар хүрээгээ улам тэлж буй энэхүү наадмын 2025 оны онцлох хэсгүүд:
- Дэд бүтцийн шинэчлэл: Фестивалийн орчин олон улсын стандартад нийцсэн байдлаар өргөжиж, боловсон ариун цэврийн байгууламжууд, нарны эрчим хүчний систем, 8 метр өндөр гулсуур, 300 метрийн “zip line”, морин тойруулга зэрэг шинэ байгууламжууд ашиглалтанд орсон байна.
- 8 долоо хоног, 8 өөр сэдэв: 7, 8-р сарын турш долоо хоног бүр өөр сэдэв, чиглэлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, амьд хөгжмийн тоглолт, үндэсний болон орчин үеийн бүжиг, соёлын үзүүлбэр, спортын тэмцээнүүд ээлж дараалан өрнөнө.
- Аялагчдад зориулсан шинэлэг шийдлүүд: Майхантай ирэх зочдод зориулсан тусгай бүсүүдийг байгуулахаас гадна, “унтлагын капсул” бүхий аяллын шинэ төрлийг үйл ажиллагаанд оруулж байна.
- Дэлхийн дуу хоолойг нэгтгэх тайз: Монголын уран бүтээлчдээс гадна гадаадын нэр хүндтэй DJ, дуучид , бүжгийн хамтлагууд уригдан оролцож, олон улсын урлагийн өнгө төрхийг нэг дор мэдрэх боломжийг олгоно.
- Гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан хөтөлбөрүүд: Фестивалийн хүрээнд зөвхөн насанд хүрэгчдэд бус, хүүхдүүдэд зориулсан боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн ARA FEST 2025 нь хөгжмийн тоглолтоос гадна олон улсын хэмжээний тэмцээн, урлаг соёлын арга хэмжээнүүдээр дүүрэн болж байна. Энэ жилийн онцлох эвентүүд:
- Тунгалаг тамир уртын дууны фестиваль (6 сарын 24): Монголчуудын өв соёлын хамгийн том үнэт зүйлсийн нэг болсон уртын дууны нэрээр нэрлэсэн энэхүү тоглолтонд энэ цаг үеийн сор болсон мэргэжлийн уртын дуучид болон хамтлагууд уран бүтээлүүдээрээ үзэгч олны сонорыг мялааж, сэтгэлийг баясгасан юм.
-
Тусгай хэрэгцээт тамирчдын УАШТ 2025 (7 сарын 3-5): АРА Комплекс нь бүх хүнд ээлтэй таатай орчинг бүрдүүлж ажиллаж байна. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн тамирчид спортын 4 төрлөөр ур чадвар, хичээл зүтгэлээ харуулан өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.
- Монгол, Солонгосын соёлын өдрүүд (7-р сарын 16-17): Дэлхийд алдартай Өмнөд Солонгосын DJ SODA, DJ Miu, DJ Asuri, Монголын KIWI, GALA, Wasabies зэрэг хамтлагууд нэгдсэн тоглолт болсон байна.
- АРА Амьд хөгжмийн фестиваль (7-р сарын 18-20): Монголын рокын ноён оргил Никитон, Нисванис хамтлагаас эхлээд A-Sound, Lemons, Bulsara, The Royal Heartaches зэрэг 20 гаруй шилдэг хамтлаг гурван өдрийн турш амьд хөгжмийн эрч хүчийг мэдрүүлнэ.
- Мас-рестлингийн ДАШТ (8-р сарын 1-3): Олон Улсын Мас-рестлингийн Холбоотой хамтран Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анх удаа Монголд, АРА Комплекст зохион байгуулна. Энэ нь наадмын нэр хүндийг олон улсад таниулах түүхэн үйл явдал болох юм.
Та зуны эдгээр өдрүүдээр зөвхөн ARA FEST 2025-ийг үзэж, цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, амрах боломжтой юм. Түүх домог шингэсэн сүрлэг Тайхар чулуу, галт уулын тогоонд боогдон үүссэн цэнгэг уст Тэрхийн цагаан нуур, хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх аван урсдаг Чулуут гол зэрэг газруудаар аялж, амарч болно. Мөн төрийн тахилгат Суварга хайрхан уул, хангайн нуруунаас салбарлан орших Булган уул, VIII–IX зууны Уйгурын хаант улсын нийслэлийн түүхийг өгүүлэх Хар балгас туурь зэрэг байгаль болон түүхийн дурсгалт олон газруудыг үзэх боломжтой.
Хэрэв та энэ зун ARA FEST 2025-ийг үзэхээр төлөвлөж байна уу? Тэгвэл фестивал үзэнгээ Архангай аймагт гэр бүл, найз нөхдөөрөө амрахад тохиромжтой газруудыг iHotel.mn сайтаас хайн захиалаарай. Бидний зүгээс энэ удаагийн нийтлэлд дараах 3 газруудыг онцолж байна.
- Ашид Бэхи зочид буудал нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2023 онд шинээр байгуулагдсан. Орчин үеийн өнгө төрх, интерьерийг агуулсан тохилог, загварлаг орчин бүхий тансаг зэрэглэлийн стандарт, люкс болон гэр бүлийн гэх мэт өрөөнүүдээс та сонгон амрах боломжтой юм.

- Малчин зочид буудал нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод зам дагуу байрлалтай бөгөөд ресторан болон конвиненс дэлгүүртэй. Тав тухтай, тохилог стандарт, люкс, гэр бүлийн болон хостел өрөөнүүдээс та сонгон амрах боломжтой юм.

- Тунгалаг Тамир жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 510км, Цэцэрлэг хотоос 25км зайд Тайхар чулууны баруун талд байрладаг. Баазын орчимд чацаргана, хүнсний ногооны талбайтай мөн Монгол ахуйн соёлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бааз юм. Та энэхүү жуулчны баазад амрахаас гадна морь, сарлаг унах, цагаан идээ боловсруулах, малчин айлд зочлох болон гэр барих гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.




